Мартагдашгүй бэлэг
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Жил болгоны энэ өдөр би эгчийнхээ өгсөн бяцхан бэлгийг дурсах дуртай. “Хуанжу гэг”-ийн зураг бүхий ил захидал, цайны печеньe хоёр.
Намайг 10 настай байхад Хуанжу гэг кино ид шууруулж байсан юм. Анги дээр бүх хүүхэд л ярина. Жүжигчдийнх нь зурагтай ил захидлуудыг цуглуулж, надад тэр дүр нь алга энэ нь байна гээд л бөөн юм болцгооно. Уг нь манайх зурагттай байсан лдаа. Гэхдээ тогны мөнгөө хэмнэдэг байсан уу, хүүхдэд зурагт үзүүлэх дэмий гэж боддог байсан уу мэдэхгүй, аав ерөөсөө үзүүлэхгүй. Ядаж байхад орой аавыг ажлаасаа ирсний дараа гардаг байсан болохоор нөгөө хөгжилтэй киног нь үзэж чадахгүй. Үзчих санаатай янз бүрээр найрдаг байсан ч үзүүлэх шинжгүй байсаар нэг ч анги үзэж чадалгүй дуусгасан даа. Гэхдээ хүүхдүүдийн ил захидлуудын зургуудаас гол дүрийн хэдэн жүжигчдийг үзсэн юм шиг л таньдаг болсон. Манай эгч намайг бодвол сүйхээтэй, хаанаас ч юм ил захидлын цуглуулгатай болчихсон байв. Би ганцыг гуйсан чинь өгдөггүй ээ. Гэтэл дараа нь “Мартын 8” болоход миний гуйсан ил захидал дээр мэндчилгээ бичээд, тэр үед 100 төгрөгөөр зарагддаг байсан цайны жигнэмэгтэй хамт надад өгсөн юм. “Эгч хаанаас мөнгө олж печеньe авсан юм болоо, надад бэлэглэх гээд ил захидлаа харамлаад байсан юм байхдаа” гэж гайхан, баярлаж байснаа тод санаж байна. Жигнэмгээ задлаад хуваах гэтэл — Би чамд бэлэглэсэн болохоор идэхгүй ээ. Чи өөрөө ид гэсэн. Тэр өдөр анх удаа “Эгч надад хайртай юм байна” гэж бодож билээ. Нэгхэн насны зөрүүтэй дэрсхэн охид дандаа муудалцдаг байсан болохоор эгчийг надад дургүй гэж бодсон хэрэг лдээ. Энэ миний хүүхэд насны минь хамгийн гэгээлэг дурсамж. Би багадаа их уйланхай нөхөр байсан юм. Намайг уйлахаар аав: — Чамайг ийм уйланхай болохоор ээж чинь хаяад явсан юм гэнэ. Намайг тавтай байхад аав ээж хоёр салж, би бага эгчтэйгээ хамт аавтай амьдардаг байлаа. Хоосон хоносон тохиолдол байхгүй ч гэлээ бид гурав их тарчигхан амьдардаг байсныг санаж байна. Нэг хэсэг хатсан талх худалдан авч, жигнүүрт жигнээд зөөллөж иддэг байв. Яагаад ингэдэг тухай ааваас асуухад — Арай хямд байдаг гэж хариулсан юм. Халаасны мөнгөний тухай ойлголт ч байхгүйгээр дунд сургуулиа төгссөн хүн шүү дээ би. Бага ангид байхдаа ангийнхаа найзынд очоод, цугтаа хичээлдээ явдаг байв аа. Нэг өдөр уламжлал ёсоор гэрийнх нь үүдэнд хүлээж зогстол найз маань ээж дээрээ очоод юу ч юм нэхэж байна. Ээж нь халааснаасаа 100₮ гаргаж найзад өгөөд, надруу харснаа надад 50₮ өгсөн юм. “Хичээлд явахад мөнгө хэрэг болохгүй шүү дээ, бас хүний хүүхдэд яагаад мөнгө өгч байгаа юм болоо?” гээд их л гайхаж байж билээ. Би ямар азаар эдийн шуналтай байгаагүй юм. Бодвол айлын хүүхдүүд анги дээр зөндөө л юм идэж ууж, өмсөж хэрэглэдэг байсан байлгүй. Ангийнхаа хүүхдийнхтэй адилхан зүйл авахыг хүссэн, нэхсэн, бүр бодсон тохиолдол ч надад байдаггүй. Хэдхэн цаг хичээл орох хооронд өлсдөггүй байсан болохоор ер нь халаасны мөнгөтэй явах юмсан гэж бодож байгаагүй. Дээд сургуульд сурч байхдаа ч гэсэн ихэнхдээ халаас хоосон явдаг байв. Унааны мөнгөнөөс илүү гарвал хоол иднэ, үгүй бол цайны цагаар ангийнхаа хөдөөний хэдэн хүүхдүүдтэй цуг ангидаа үлддэг байлаа. Нэг өдөр нэг нь надад: — Чи хотынх юм байж яагаад хоолонд гардаггүй юм? гэж асуухад нь анх удаа мөнгөгүй байгаадаа ичиж, эвгүй санагдаж билээ. Өөрийнхөө аав, ээжийг амьд ахуйд нь халаасны мөнгө авч үзээгүй хүн чинь айлд амьдарч байж юу гэж нагац эгчээсээ хоолны мөнгө нэхэх билээ дээ…
Намайг 13 хүрдэг жил аав нас барсан юм. Ээж тусдаа амьдардаг, ойр дотны хамаатан гэх хүн бараг байхгүй байсан болохоор “цаашдаа яах юм болдоо” гэсэн айдас байснаас биш, “аавтайгаа ахиж уулзахгүй нь” гэсэн харамсал тэр үед төрөөгүй. Магадгүй тэр хүнтэй том болтлоо хамт байсан бол би баяр жаргалгүй, өөртөө итгэлгүй нэгэн болох байсан юм шиг одоо надад санагддаг. Аав хэдийгээр биднийг зодож занчдаггүй байсан ч гэлээ эгч бид хоёрыг байнга харьцуулна. Харьцуулах тоолонд би залхуу, гэрийн ажилдаа муу, хоол гоё хийдэггүй гээд дандаа “муу” нь болж, загнуулдаг байсан болохоор миний бага насны дурсамж бүхэлдээ бараан өнгөөр үлдсэн байх. Аавыг өөд болсны дараа ээжтэйгээ амьдардаг болов оо. Нэг орой унтах гээд хэвтэж байхдаа даараад ээжийн өвөрт дулаацах гээд орсноо нам унтчихсан байсан. Өглөө сэрээд — Өө би уг нь дулаацчихаад орлуугаа буцаад орох байсан юм гэхэд ээж: -Ээжтэйгээ хамт унтсандаа харамсаад байгаа юмуу? гэж асууж билээ. Ээжтэй амьдарсан 2 жил гаруй хугацаанд энэнээс өөрөөр түүнийг дурсах үйл явдал болоогүй мэт, санаанд огт байхгүй. Бүх зүйлээ хорьж цагдуулдаг байснаа гэнэт эрх чөлөөтэй болсон болохоор уяанаас алдуурсан юм шиг л гадуур тэнэж, гэртээ бараг байдаггүй байсан болохоор ээжтэйгээ хамт гоё дурсамж бүтээж чадаагүй байх. Хичээл тараад гэртээ цүнхээ оруулж шидчихээд л гараад явна. Ээж огт юм хэлэхгүй. Дотроо өөрийгөө буруутай юм шиг санаад ширүүн үг хэлдэггүй байсан уу эсвэл угаас тайван хүн болохоор тоодоггүй байсан уу мэдэхгүй. Загнаж зэмлүүлдэггүй, санаж бодох зүйлгүй, өдөржин найзуудтайгаа инээлдэж өнгөрүүлсэн тэдгээр өдрүүд миний амьдралын завсарлага шиг надад санагддаг.
Жил өнгөрөх тусам улам бүдгэрсээр байдаг эдгээр түүхүүдийг надад эргэн сануулдаг тэр хуанжу гэгтэй хуучирсан ил захидлыг би одоо ч хадгалсаар байгаа. Харах тоолонд эгчийн минь хайрыг надад сануулдаг болохоор хаяж чаддаггүй юм. Эгч минь тэр өдрийнх шигээ үе үе намайг гайхшруулан баярлуулдаг хэвээрээ. Ээжийг өнгөрсний дараа нагацындаа амьдардаг байхад нэг удаа хүргэн ах халамцуу, надад уурлан түлхэхэд нь би эрчиндээ хойшилсоор буланд очоод унасан юм. Тэгэхэд эгч урдуур минь орж намайг хамгаалан хэдэн үг хэлээд, хамаг хувцсаа хамж авснаа намайг дагуулан тэднийхээс гарч явахад би 10 настайгийнх шиг тэр хайрыг эгчээсээ ахин мэдэрсэн... Дараа нь би ээж болоод эгчийндээ нэг сар хүүхдээсээ өөр юунд ч хүрэлгүй орон дээр амьдарч байсан юм. Тэр үедээ охиндоо сатаараад юм бодож амжаагүй ч дараа нь бодох тусам нөгөө нэг хайрыг улам бүр мэдрэх шиг болдог. Тэр үед эгч маань өөрөө 2 настай жаахан охинтой, дундах хүүгээ төрүүлээд дөнгөж 5 сар болж байсан хэрнээ намайг ариун цэврийн өрөө орохоос бусад үед орон дээр л байлгаж тойглосон. Одоо ч гэсэн өөрөө 3 хүүхэдтэй өрх толгойлсон ээж хэрнээ гэр бүлд минь санаа тавьж, зөвхөн надад үе үе цагаа олсон нандин тусламж үзүүлж, охиныг минь өөрийн хүүхэд шигээ эрхлүүлдэг тэр сэтгэл заримдаа хоолойд минь нулимс тээглүүлчихдэг. Ээжийн хайр яг ийм амттай байдаг байх…